Энэ жил яасан ч хурдан өнгөрөв дөө, магадгүй 2014 оноос хурдан өнгөрч байхшиг ээ. Ойрын хэд хоног ажил амьдралын асуудлууд давхцаад, нэг л уйтай, яарсан л хүн яваад байна. Чухам юу болох юм бол.., тааж мэдэх юм алга даа. Юутай ч үйлдээд л байхаас, үйлдээд л байхаас...
Энэ нийтлэл бараг л энэ жилийн хаалтын нийтлэл болох нь уу дээ.
Угаасаа тэгээд өөртөө л зориулж, хааяа нэг тухайн үеийн сэтгэгдэл, цаашид юу болох, одоо ямар байгаа, өмнө нь ямар байсангаа л бичиж үлдээдэг нэг бодлын тэмдэглэлийн дэвтэрэрхүү зүйл гэхүүдээ, энэхүү орон зай, хөндий...
Саяны өнгөрсөн нэг хүйтэн өдрүүд багын явдлыг санагдуулаад:
Бага байждээ, бодвол тэр үед бага сургуульд л явдаг, тухайн үед би 8-9 настай байсан үе гэж санагдаж байна, тэрнээс бага ч байж магад. Амралтын өдөр болоод л, хамгийн бага дүүгээ аваад л, аавын хийж өгсөн модон чарга/гулах хэсгийг нь би хажуу орцноос Кучкаартай хуссан/ -аа чирээд, байрны найз Одхүү/гэрийнхэн нь Кочегар гэж Галч гэсэн үг байхаа, мань нөхөр байнга л халтайчихаад, яг нэг нүүрстэй ноцолддог нөхөр шиг байдаг байсан болохоор тэгэж дууддаг байсан гэж бодоод байдгийн, би ч бас хааяа бүүр Кучкаар гэж дуудах жишээний, бас дүүг нь Бат-Эрдэнэ гэдэг байсныг Мантуу гэж гэрийнхэн нь дууддаг хаха, зааза халуурах нь хэхэх/, бас бус нөхдүүдтэйгээ ажилтай юм шиг л хотхоноос гаран, гэрээсээ 2км орчим явж, нэг Хуушуур уул гэдэг нэртэй уулын цаахан талд очиж, өдөржин гулгадаг байж билээ. Тэгэхэд дүү минь 5-6 настай л байсан байх. Одоо ч надаас нуруулаг, дажгүй, хөдөлмөрч залуу болсон.
Нэлээдгүй том чаргатай байсныг хэлэх үү, уулын орой дээр гарч ирээд л, би эхлээд чарган дээрээ хэвтээд, дүүгээ дээрээсээ хэвтүүлэн давхралдаж, сайн бариарай гэж хэлээд, чарганыхаа уяа болон урд хэсгээс чанга гэгч нь барьж өгөөд, нэг сайхан тийрэн, замдаа хэд хэдэн удаа донсолгож, харайлгаж аваад уулын бэлд хүрдэгсэн. Бөөн адерналин ялгаруулдаг байсан юм шиг.
Ингээд энэ байдал үргэлжилсээр орой болж, нар жаргахаас наагуурхан уулнаас хөдлөн гэртээ дүүгээ дагуулж ирэхэд, гарын бугуй хэсгээрээ өдөржин цас чихэж гулгасан хүний бугуйн хэсгээс бараг л цус гоожих нь холгүй, хөл хамаг байдгаараа бээрчихсэн, гэртээ орж ирдэг байсын, дүүгээ чарган дээрээ суулган чирсээр хэхэх.
Тэгээд гэртээ ороод, цахилгаан улайсдаг халаагуурын дэргэд очоод, хөл гар хоёроо ээн суухад, аймаар бээрсэн хүний хөл ер нь хүний хөл болчихсон юм шиг санагдаад, нэг тийм бэржрүүтээд, бадайрч өвдөөд, баахан уйлж суудагсан. Аав хажуугаар шоолж инээгээд хоолоо хийсэн шиг жуумалзаад яваад байдагсан, хэхэх.
Дүү хажууд нь юу ч болоогүй юм шиг гүйж байдаг тэгэхэд хахах.
Маргааш нь юу ч болоогүй юм шиг дахиад л ааваас дүүгээ аваад гулгахаар гаръя гэж хэлнэ. Хагас, бүтэн сайн болгонд цаг агаар гайгүйвтэр байвал яг нэг иймэрхүү үйл явдал дүүрч өнгөрнө. Бусад өдөр нь гэртээ цоожтой эсвэл хичээлдээ явдаг байсан байх.
Бага байждээ, одоо ядаж нэг удаа юу ч бодолгүй өдөржин ингэж гулгахсан...
No comments:
Post a Comment