Friday, January 14, 2011

Зүгээр ч нэг юм биш

Ямар нэгэн зүйлийн тухай ярихыг үнэхээр их хүсч байгаа мөртлөө тэр зүйлээ илэрхийлэлгүй нууц хэвээр нь үлдээсэн нь дээр юм шиг санагдах үе байдаг. Одоогийн байдлаар ухаангүй, юу ч бодолгүйгээр, ор үндэслэлгүйгээр хийсэн үйлдэл байхгүй ч сонголт бүрийн мөн чанар тэр өдрийн тэнгэр мэдэг гэдгийн адилаар эцэст нь л тодорхойлогддог. Тийм болохоор ч тэр үү, хүсч байгаагаа халаасандаа, ходоодондоо, хоолойндоо, хэлэн доороо ч юмуу яриж болох цагийг нь иртэл хадгалах хэрэг гардаг байх.
Хүсэл эрмэлзэл хуучирч ялзардаггүй, ямар нэгэн зүйлийг анх юу гэж бодож байсан, яг л тэр хэвээрээ хэдэн ч жил өнгөрсөн, тухайн үеийнхээ дурсамжтай энэ биеийн аль нэг хэсэгт эсвэл хүрээлэн байгаа орчинд оршсоор л.
Жаахан байждээ, би 6-р ангид, учраа мэдэхгүй мангар пацаан байсан болж таараад байгаан. Манай ах, бүхэл зуны турш халуун наранд халж, хүйтэн бороонд норж, салхи шороог харгалзаж үзэлгүй жижкээн хурган наймаа хийсний үр дүнд, нэг ТЭШҮҮР авсан юм. Тэгээд өвөл боллоо. Манай байрны хойно мөсөн гулгуурын талбай байдаг байсын, одоо ч байгаалдаа. Цонхны урд хүүхдүүд, хүмүүс наймын тоо, өөр юу ч байдын, өөр өөрсдийнхөөрөө дүрс гарган талбай дээр гулгацгаахыг хараад, яаж зүгээр байхав, би ч ахаас гуйж гувшин хааяа нэг өөрийнхөө зураасыг зуран гулгана. Үхтэрээ гулгаж, гулгаж сөөнгө хоолойтсон юм гэртээ орж ирнэ.
Харамсалтай нь энэ байдал тийм ч удаан үргэлжлээгүй, юу гэвээс манай байрны нэг гар байдаг байсын. Нэг удаа тэр нөхөр ахаас зөвшөөрөл авсан гэж хэлээд манайд орж ирээд надаас тэшүүрийг минь авч явснаас хойш дахин тэшүүрээ олж хараагүй юм. Түүнээс хойш олон ч жил өнгөрсөн. Би ч цонхон дээрээсээ саяхныг хүртэл шүүрс алдан, тэшүүрээ бодон зогссоор, шинэ оны өмнөхөн өөртөө зориулж бэлэг болгон авсан. Одоо ингээд бодохоор бүхэл бүтэн 10 жил бодсоны эцэст өөрийн гэсэн ТЭШҮҮР-тэй болсон.
Хүсэл эрмэлзэл байвал болно гэдгийг мэддэг болоод л дараа, дараагийн гайхалтай гэж бодсон зүйлсийн төлөө унаж, бүдрэн байж оролдлого хийнэ. Гоё сайхан зүйлс, гоё сайхан байдаг!!!

No comments:

Post a Comment